Төлбөртэй замаар зорчсоноор түгжрэл 20 хувь буурах боломжтой

0
35

Томоохон хотуудын автомашины түгжрэлийг бууруулахын тулд машины төвлөрөлийг хиймэл дагуулаас харж, жолооч нарт мэдээлэх шинэ технологиуд бий болж байгаа ч өнөөдрийг хүртэл хамгийн шалгарсан арга нь төлбөртэй бүс тогтоох арга болж байна. Анх 1998 онд Сингапур төвлөрөлийг сааруулах зорилгоор хураамж авч эхэлсэн. Өнөөдөр Сингапураас гадна Лондон, Стокгольм зэрэг хотууд энэ аргыг сонгоод байна.

Өглөөд хувийн машин, таксигаар ажилдаа хүрнэ гэдэг Улаанбаатар хотод хэвийн үзэгдэл ч та Лондон хотод амьдардаг бол таны энэ үйлдэл амиа бодсонд тооцогдох юм. Лондон хотын төвөөр нийтийн тээвэр, цөөн тооны такси, чинээлэг иргэдийн хувийн машин зорчдог ч түгжрэл, авто замын ачаалал буурахгүй байгаа юм. Лондон хот 2003 оноос даваагаас баасан гарагт өглөөний 7-с оройн 18 цагийн хооронд Түгжрэл их үүсдэг замаар зорчсон тохиолдолд төлбөр төлөх тогтолцоог нэвтрүүлжээ.

Лондонгийн автозамын төлбөртэй бүсчлэл нь манай гараг дээрх хамгийн том, хамгийн өргөн талбайг хамардаг байна. Энэ талбай дотор зорчих тохиолдолд нэг өдрийн 11.5 фунт төлөх ёстой. Харин хураамжаа төлөлгүйгээр зорчсон бол 65-195 фунтын торгууль төлдөг байна.

Төлбөртэй зорчих бүс бий болгосон эхний 10 жилд Лондон хот 2.6 тэрбум фунт төвлөрүүлж зам, гүүр засч сайжруулах, явган хүний зам, дугуйн зам тавих, автозамын ачаалал бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлсэн байна. 2003-2013 оны хооронд Лондон хотод төлбөртэй зорчих бүсээс хураамж авах болсноор автозамын ачаалал 20 хувь буурсан байна.

Лондон хотод төлбөртэй зорчих замаас гадна, автомашиныг улсын дугаараар хязгаарлах явдал ч байдаг. Энэ мэтээр олон дэвшил, шинэ санаачлага гарч байгаа ч Лондонгийн автомашины зорчих хурд 2003 оны үеийнхээс улам удааширсан мэдээ байна.

Гэхдээ одоогийн байдлаар томоохон хотуудын автозамын түгжрэлийг бодитой, 20 хувиар бууруулсан туршлага төлбөртэй зорчих бүсчлэл болж байгаа юм. Анх Сингапур хот улс 1998 онд төлбөртэй зорчих бүс байгуулж, автомашинаас хураамж авах электрон төхөөрөмж байрлуулсан байна. Хоёр жилийн дараа гэхэд Сингапурын замын түгжрэл 16 хувь буурсан байжээ. Сингапурын адилаар Лондон, Стокгольм хотууд энэ жишгийг дагасан өнөөдөр Австрали улсын Викториа мужийн Мелбурн хот энэ асуудлыг ид хэлэлцэж байна. Мелбурн хотын хувьд  төлбөртэй бүсийг бүх л өдөржин биш харин автомашины ачаалал өндөр байдаг, оргил цагуудад тогтоох санал гарсан байна аа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here